Gandan Monastry

Дарав бандид Агваанчойнжорын төрөл үеийн намтар Ялгуулсны шашиныг чимэгч эрдэнийн эрхи” хэмээхээс


Энэтхэгт гарсан хувилгаан дүрүүд нь:
1. Найдан Лампран ( Gnas brtan Lan phran) Арван зургаан Архадын нэг хувилгаан дүр
2. Гүнамитра буюу Ёндоншинэн ( Guna mi tri, Yon tan bshes gnyen ), Наландра хийдийн хамба
3. Жевзүн Ганбэл ( Rje btzun Gang spel) бандида
Балбад гарсан хувилгаан дүрүүд нь:
4. Жая Сена (Ja ya Se na) Майдрава ( Me tri ba )-гийн увидасыг Төвдөд дэлгэрүүлэгч
Төвдөд заларсан дүрүүд нь:
5. Чадхава (’Chad kha pa)
6. Лхадин бонбо Гүнгаажалцан ( Lha sdings dbon po Kun dga’ rgyal mtsan)
7. Жамаба Жэр Ёондон-Од ( Rgya ma pa dgyer Yon tan ’od )
8. Найдан Санжон (Gnas brtan bzang skyon)
9. Цүлтимдарма (Tsul khrims dar ma,1434-1508)
10. Цорж Агваанчойдаг, 19-р Гандан ширээт (Dga ldan khri thog bcu dgu Chos rje Ngag dbang chos grags,1501-1551)
11. Салхан хувилгаан Цорж Агваанчойжижалцан, 34-р Гандан ширээт ( Dga ldan khri thog so bzhi pa Gsal khang sku skye rin po che Chos rje Ngag dbang chos kyi rgyal mtsan,1575-1629/1647?)
Төвдөд тодорсон Дарба бандидагийн арван нэгдүгээр хувилгаан Гандангийн 34-р Ширээт Салхан хувилгаан Цорж Агваанчойжижалцаны дараах дүр нь Халхад мэндэлхээс өмнө Ойрадын Зүүнгарт лагшин мэндэлсэн тухай “Түүний төрөл /Салхан хувилгаан Цорж Агваанчойжижалцан/ Ойрадын Зүүнгарт гарсанд алдаршуулан номлосон. Халх үүнд эрдэнэ буюу өөр нэгэн гарах буюу /’di’i skye ba o-rod gyon rung byung par grags gsungs pa Hal ha’i’di la nor dam gzhan zhig byung dam brtag/“ хэмээн тэмдэглэжээ. Монголд Халхаас гадна Ойрадад Дарба бандидагийн арван нэгдүгээр хувилгаан Гандангийн 34-р Ширээт Салхан хувилгаан Цорж Агваанчойжижалцаны хойд дүр хэн гэгч хүн тодорч алдаршсан тухай док. агсан Д.Дашбадрах “ Дөрвөн Ойрадын түүх зэрэг сурвалжийн мэдээ баримтаар Ойрадын Зүүнгар гэдэг нь цорос,дөрвөд хоёр аймаг болохыг нотолж, мөн хоёр аймгийн хөвгүүдээс XYI зууны үед тодорсон хувилгаадыг шүүж үзсэн Цоросын Хар Xул ноёны хоёрдугаар хөвгүүн Чойнүр буюу Цөхүр убашийн хөвгүүн нь монгол, төвд мэргэдийн дунд Жидшод хувилгаан хэмээн алдаршсан Агваанданзанпринлай (1629-1669) мөн болохыг төвд сурвалж бичигийн мэдээ баримтаар мөшгөн тогтоосон юм. Агваанданзанпринлэйг багад нь IY Банчин Лувсанчойжижалцан(1570-1662) Дарбабандидын дүрийн буюу Түвэдийн Галдан ширээтийн ХХХIY тэргүүн Агваанчойжижалцаны (1574-1647) дараах хувилгаан хэмээн тодруулсан байжээ” гэсэн байна. Харин док. Д.Дашбадрах Жишод хувилгаан Агваанданзинпринлай ( Skyed shod zhabs drung Ngag dbang bstan ’dzin phrin las la bstos pa ) мэндэлсэн, таалал болсон болон Гандангийн 34-р Ширээт Салхан хувилгаан Цорж Агваанчойжижалцаны мэндэлсэн онуудыг эндүүрсэн байна.
Харин Жишод хувилгаан Агваанданзинпринлай шавь нарын эрхэм Халхын Зая бандида Лувсанпринлай (Jaya pandita Blo bzang ’phrin las,1642-1715 ) Гүн хийгээд агуу их дээдийн номыг сонссоны тэмдэглэл гэгээн толь буюу Сан-иг/ энэ бүтээлийг Заяын сан-иг, Заяын ном сонссон бичиг гэж товчлон нэрлэдэг/ хэмээх түүхэн тэмдэглэл бүтээлдээ Агваанданзинпринлайн лагшин мэндэлсэн онг “Дөрвөн Ойрад Зүүнгарын доторхи их ноён баатар, үлэмж сүсэг бишрэлт эцэг Цөхүр убаши (Cho-khur U-ba-sha), Эх Шэйравдолма (Shes rab grol ma ) хоёрын хүү болон Согтох төгөлдөр хэмээх арван нэгдүгээр жарны гал /улаагчин/ туулай жил (1627) олон гайхамшиг билэг тэмдэг үзүүлэн лагшин мэндэлсэн” хэмээн тэмдэглэсэн байна.
Ёнзин Лувсангэлэгданзингийн Дарба бандида Агваанчойнжордондүвийн төрөл дарааллын намтар ялгуусаны шашины үзэсгэлэнт эрдэнийн эрхи хэмээх энэ намтарт Гандангийн 34-р Ширээт Салхан хувилгаан Цорж Агваанчойжижалцанг “ Модон гахайд Пан оронд мэндэлсэн” гэсэн нь Х жарны жарны хөхөгчин эм модон гахай жил буюу 1575 онд лагшин мэндэлсэн гэж тэмдэглэсэн байна.
Монголд гарсан дүрүүд нь:
12. Дарва бандидын арванхоёр дахь буюу монголд лагшин мэндэлсэн анхны дүрийн хувилгаан Лувсансодовжамц (Blo bzang bzod pa rgya mtso,1637-1702)15 XI жарны улаагчин үхэр жил буюу 1637 онд эцэг Увш Зана, эх Дашбал хоёрын хүү болон Чингис Хааны 29 дэхь үеийн Батмөнх даян хааны аравдугаар хүү Залайр хун тайжийн гуравдугаар хүү Онох Үйзаны бага хүү Хөндлөн цөөхүр Түмэнхэн сайн ноёны аравдугаар хүү засаг ноён Шинарганшид Шарз Даян хунтайжийн хошууны нутагт лагшин мэндэлсэн ажээ. Гурван сүүдэртэйгээсээ эхлэн уншиж бичиж сурсан. Y Далай лам Лусанжамц ( Ta la’i bla ma Blo bzang rgya mtso,1617-1682), IY Банчин эрдэнэ Лувсанчойжижалцан (Pan chen Blo bzang chos kyi rgyal mtsan,1570-1662)нар Найдан Лампран ( Gnas brtan Lan phran)-гийн хувилгаанаар тодруулсан. Арвандолоон сүүдэртэйдээ Төвдөд явж Y Далай лам Агваанлувсанжамц , Банчин богд Лувсанчойжижалцан нарт мөргөөд Дашлхүнбо хийдэд Банчин богдоос гэлэнгийн сахил хүртэж олон номын эш, авшиг, даган соёрхолыг хүртжээ. Тойсамлингийн Гэндэняринпэл(Thos bsam gling pa Dge ’dun yar ’phel) гэдэг ламаас Винайн ном сонссон. Жүдчин Гончогжалцан(Rgyud chen Dkon mchog rgyal mtsan), Же Гэндэндондүв(Rje Dge ’dun don grub) нараас Дэлвашивраг тэргүүтэн тарнийн талын ихэнхи номуудыг сонссон. Тэндээс Лхасад ирж Сэражи дацанд сууж цанидын таван ботийг үзэхийн дашрамт Ү Далай ламаас Сандуй, Дэмчиг, Гүнригийн авшиг зэрэг авшигийн зүйлүүд, Гурван зүрхэн утгын хөтөлбөр зэрэг хөтөлбөрийн зүйлсийг сонссон. Найдан Жамъяандагва(Gnas brtan ’Jam dbyangs grags pa), Ганжуурва Жинбажамц(Bka’ ’gyur pa Spyin pa rgya mtso) , Же Лувсанхайнзүн(Rje Blo bzang mkhas btzun), Дамбадаржай(Bstan pa dar rgyas), Содномдагва(Bsod nams grags pa), Дармо маарамба Лувсанчойдаг(Blo bzang chos grags), Жанжа Агваанчойндон(Lcang skya Ngag dbang chos ldan), Жишод Агваанданзинпэрэнлэй(Skyed shod Ngag dbang bstan ’dzin ’phrin las) зэрэг олон дээдэс лам нарыг шүтэж лхасын их ерөөлийн үед дамжаа бариж анги данбийн гэвш болж улмаар Лхасын их ерөөлийн гэсгүй болон Сэра тэгчэнлингийн гэсгүй ч болж явсан. Далай ламаас Дарва бандида цорж хэмээх цолоор шагнуулан Зангийн Манхар Данжайлин хийдийн ширээнээ залагдсан. Тэр мэтээр 17-40 сүүдэр хүртэл 23 жил Төвдөд суусан. XII жарны хар морин жил буюу 1702 онд таалал болсон.
13. Дарва бандидын арвангурав дахь буюу монголд лагшин мэндэлсэн хоёрдахь дүрийн хувилгаан Гунгаажамц (Kun dga’ rgyal mtsan)16 XII жарны харагчин хонь жил буюу 1703 онд Халхын Шинарганшид Шарз Даян хунтайжийн хошууны Халхын Хуяг Хургугийн гэрт лагшин мэндэлсэн. YI Далай лам Цанянжамц(Tsangs dbyangs rgya mtso,1782-1853), Y Банчин богд Лувсаниш (Blo bzang ye shes,1663-1738)-ээс Эрдэнэ мэргэн бандид Сэцэн ширээт шашиныг тодруулагч цолоор шагнагдсан. XII жарны улаан луу жил буюу 1736 онд таалал болсон.
14. Дарва бандидын арвандөрөв дахь буюу монголд лагшин мэндэлсэн гуравдахь дүрийн хувилгаан Лувсангомбожамц (Blo bzang mgon po rgya mtso)17 XII жарны улаагчин могой жил буюу 1737 онд Халхын Түшээт хан аймгийн Чин вангийн хошууны туслагч тайж Саваашригийн гэрт лагшин мэндэлсэн. XIҮ жарны шар луу жил буюу 1808 онд таалал болсон.
15. Дарва бандидын арвантав дахь буюу монголд лагшин мэндэлсэн дөрөвдөхь дүрийн хувилгаан Лувсантүвдэнванчиг(Blo bzang thub bstan dbang phyug,)18 XIҮ жарны шарагчин могой жил буюу 1809 онд Халхын Сайн ноён хан аймгийн Мэргэн засаг Доржжавын хошууны тайж эцэг илдэн Гончиг, эх Цасачи хаёрын гэрт лагшин мэндэлсэн ажээ. X Далай лам Цүлтимжамц (Tsul khrims rgya mtso,1816-1837), YII Банчин богд Лувсанбалданданбиням(Blo bzang dpal ldan bstan pa’i nyi ma,1782-1853)-ээс Сэцэн бандид цолоор шагнасан ба Банчин богд Лувсантүвданванчиг Гэгээнтэний өлмийг бататгах залбирал зохиосон. XIҮ жарны хар хулгана жил буюу 1852 онд таалал болсон.
16. Дарва бандидын арванзургаа дахь буюу монголд лагшин мэндэлсэн тавдахь дүрийн хувилгаан Хайдүвсамданжамц(Mkhas grub bsam brtan rgya mtso)19 Түшээ гүн Цэдэнжавын хошуунд тайж эцэг Цэдэндорж, эх Лхамцэрэн хоёрын хүү болон XIY жараны модон барс жил буюу 1854 онд Дулаан нуга хэмээх газар мэндэлсэн. XI Далай лам Хайдүвжамц(Mkhas grub rgya mtso,1838-1855), Сажа банчин, Ламо чойжон(La mo chos skyong) нар Дарав бандидын хувилгаанаар тодруулан Далай лам Хайдүвсамданжамц алдарыг хайрлан өлмийг бататгах залбирал зохиосон. Гэгээнтэн XIY жараны шороон могой жил буюу 1869 онд Зургаан сүүдэртэйдээ ширээнд залагдаж Заяа гэгээнээс гэнэн сахил хүртсэн. Есөн сүүдэртэйдээ Их Хүрээнд заларч YII Богд Жевзүндамба хутагтад бараалхаж ном сонссон. Хүрээнээс буцах замдаа Гүн бандида ламаас арван гурван Ямадага болон Авидийн ван зэрэг олон ном хүртэжээ. Заяын хүрээ Гандангэжайлингийн цорж лам Дондовринчинг ёнзин багшид шүтэж Мөрийн зэрэг, Оюун судлахуй зэрэг номуудийг хөтлүүлэн сайтар суран завсраар нь Итгэл, Мэгзэм, ядам бурхадын нямбуудыг бүтээжээ. Арванхоёр сүүдэртэйдээ 1865 онд Заяа гэгээнээс гэцэлийн сахил хүртэж, олон зүйлийн номуудыг сонссон. Арвангурван сүүдэртэйгээсээ Цанид дацанд сууж суралцаж эхэлсэн. Мөн Оточийн сүм бариулжээ. Арванзургаан сүүдэртэйдээ Жүд дацанг сэргээн Урд Хүрээнээс унзад Цэрэн хэмээх нэгэн эрдэмтэй хүнийг өөрийн хүрээндээ урин авчирч Заяын хүрээний дэгээр агийн хурал байгуулсан. Хайдүвсамданжамц ХҮ жараны төмөр морин жил буюу 1870 онд арвандолоон сүүдэртэйдээ таалал болсон байна.
17. Дарва бандидын арвандолоо дахь буюу монголд лагшин мэндэлсэн зургаа дахь дүрийн хувилгаан Агваанчойжордондүв (Ngag dbang chos’byor don grub) Халхын Сайн ноён хан аймгийн Хөндлөн мэргэн засгийн хошууны Хангай ханы нутаг дахь Чулуутын голын ойролцоо уг хошууны Жононгийн багын Номт хэмээх газарт Авгачууд овогийн эцэг Насан, эх Диваа хоёрын хөвүүн болон ХҮ жараны төмөр морин жил буюу 1870 онд лагшин мэндэлжээ. Багын нэр нь Дамдинсүрэн гэдэг байсан бөгөөд таван настай байхад нь XII Далай лам Принлайжамц(’Prin las rgya mtso,1856-1875), YIII Банчин эрдэнэ Лувсанбалданчойжидагва(Sku phreng brgyad pa Blo bzang dpal ldan chos kyi grags pa,1855-1882) нар Дарав бандидын хойд дүрээр тодруулсан. Банчин богдоос Агваанчойжордондүв хэмээх нэр хайрлан өлмийг бататгах залбирал зохиосон. Модон нохой жил Дашдаржайлин хийдийн ширээнээ залж бат оршил мандал өргөжээ. Цорж Шагдаржаваар үсэг заалгаж, цорж Жинба-Осороор уншлага заалгаж арвандолоон сүүдэр хүртлээ мөрийн зэрэг, оюун судлахуй зэргийг хөтлүүлэн цээжилжээ. Долоон сүүдэртэйдээ Заяын гэгээнд бараалхаад Их Хүрээнд Богд Жавзүндамба Агваанлувсанчойжинямаданзинванчүг(1871-1924)-д мөргөсөн. YIII Богд Гэгээний багш Гонсар бүрүлгүү Лувсанбалданчоймболоос гэнэн хийгээд равжинбагийн сахил хүртсэн. Арван сүүдрийн шороон үхэр (туулай?) жил 1889 онд Шинса ринбучи Заяын хүрээнд морилож байхад нь очиж мөргөөд Майдарын таван ном, таван ботийн үндэс, Их бодь мөрийн зэргийн эш, Очир эрхийн Мидраан авшиг, Ганц баатар Ямандага, Цагийн хүрд, Нэн нууц Хаяагривагийн авшиг, Нартан зуут, арвангурван их зарлигийн Махагалын даган соёрхол тэргүүтнийг сонссон. Төмөр луу жил 1892 онд Дүйнхорын дацанг Заяын хүрээний дэгээр байгуулсан. Арвандөрвөн сүүдэртэйдээ чойрт морилжээ, Хонин жилийн өвөл 1823 онд Лав Жамгон лам Заяын хүрээнд морилоход бараалхаж мөргөөд Дөрвөн зүүлтэт Мөрийн зэрэг, Дөрөв хавсарсан тайлбарын номлолын эш, түүний өөрийн эмхтгэсэн Бүтээлийн арга эрдэнийн сангийн даган соёрхол, Гүхяасамажа, Чакра самбара, Ямандага зэрэг олон бурхадын авшиг, даган соёрхлуудыг сонсжээ. Арванесөн сүүдэртэйдээ Манжийн хаанд бараалхаар Бээжинд морилжээ. Арвандөрвөөс хориндөрвөн сүүдрийн хооронд цорж Раднаа, гавьж Балдан, гавьж Эрдэнэбал, Цэцэн вангийн хошууны Мэндбаяр нараар намдэл, парчин, умийн номуудыг заалган судалж мэргэшсэн. Хорин таван сүүдрийн модон морин жил 1894 онд Их Хүрээнд ирж Ноёны цорж лам Лувсанцэрэн, Номч лам Лувсан хоёрыг шүтэн чойрын номыг нарийвчлан судлан улмаар дараа жилийн нэгдүгээр сард Гунгаачойлин дацангийн умийн зиндаанд орж дэд хамба лхарамба Лувсанчойжон, Бойдаагийн багш Агваанцэдэн, Өрлүүдийн багш Шарав нарыг багшид шүтэж хоёр игчааны номуудийг нарийвчлан судалжээ. Халхын Сайн ноён хан аймгийн сайд сэцэн вангийн хошууны Дархан шунлайв Жорвон Сампэлдондүвын багшид шүтэж чойрын номыг нарийвчлан судлан шавь нарын нь манлай болсон төдийгүй багшынхаа өлмийг бататгах залбирал зохиож өргөсөн. Гучин сүүдрийн шороон гахай жил 1899 онд Хялганы дацан, Чулуутын дацан хоёрт цам дэглэжээ. Тэр жилээ Сэрдог ринбучи Лувсанцүлтимийг Боржгин цэцэн вангийн хошуунд морилох үеээр нь очиж шавь орж нэг сарын турш Мөрийн зэргийн улаан хөтөлбөр, Дөрвөн их хөтөлбөрийн хөтөлбөр, Найрлагын зургаан номын номлол тэргүүтэн Мөрийн зэргийн эшийг сайтар сонссон. Мөн энэ жилдээ Хөлөн Буйрын жүн вангийн хошууны дооромбо лам Лувсангэндэн хэмээх Лавран Дашчилд суралцаж мэргэдийн оройд хүрсэн нэгэн лам Их Хүрээнд морилохтой зэрэг уулзан олон гүн нарийн номын увидисуудыг хүртсэн. Гучинхоёр сүүдэртэйдээ Гунгаачойлингийн гавж Шаравийг залж өөрийн хийддээ Гүнригийн дацанг байгуулан Гүнригийн зан үйл, дүлцэнг бүрэн байгуулжээ. Бас Манал болон Минтүгийн зан үйлийг ч байгуулсан. Гучингурван сүүдэртэйдээ буюу 1903 онд Хэрлэн Баян-Улаанд Хүүхэн хутагтын заллагаар морилж ном айлдсан ба энэ жилийнхээ лхалававын дүйчингээр Лхарамба лам Лувсанчойжонгоос гэлонгийн сахил хүртэж, өвөл нь Буриадаас буцаж явсан Бэрээвэнгийн Лосолин хийдийн Дэвү жорвон лхаарамба Лувсанжинбатай уулзаж элдэв олон зүйлийн номуудыг сонссон. Чойрын номноос Сэра Жэвзүн, Банчин, Гүнчин игчаа гурвууланд мэргэн байсан гэдэг. Гучинтаван сүүдрийн луу жил 1904 оны өвөл XIII Далай лам Түвдэнжамцыг/1875-1933/ Их Хүрээнд залрахад бараалхаж мөргөсөн. 25-36 насны хооронд Хүрээнд сууж ном үзэхдээ Гонсар бүрүлгүү, Хүрээний дэд хамба Лувсанчойжон, Шүтээний аймгийн аграмба Агваанцэдэн, Чин вангийн аграмба багш Шадавдандар, Номчийн аймгийн багш лам гавьж Лувсан, Өрлүүдийн аймгийн багш лам гавьж Лувсаншарав, Номон ханы хошууны бандид лам Түвдэнням зэрэг олон дээдэс лам нарыг багшид шүтэж Гучинзургаан сүүдрийн хөхөгчин могой жил буюу 1905 онд гучин зургаан сүүдэртэйдээ Их хүрээнд гавжийн дамжаа барисан. Гавжийн дамжаа барихад нь монголд заларч байсан XIII Далай лам Түвдэнжамц дамжаанд ном хэлэлцэхээр заларч Дарва бандидтай “Нигүүлсэхүй” тухай ном хэлэлцэж улмаар Далай ламыг дагалдаж явсан Дүлва хамба, Жүдва хамба, гэвш Галсан-иш тэргүүтэн лхарамбууд, Их хүрээний олон сайн гэвш нартай ном хэлэлцэн гавжийн дамжаа барин нэр алдар нь монгол, төвдөд дууршсан.
Далай ламыг Чин вангийн хүрээнд саатах үед очиж Заяа гэгээний зургаадугаар дүр Лувсантүвдэнчойжинямыг тодруулах сунтаг шүүлгэж Заяын хүрээнд урьсан. Чин вангийн хүрээн дээр саатах үедээ Чин вангийн Дандар аграмба багшаар ном хөтлүүлсэн. Гучин долоон сүүдрийн гал морин жил 1906 онд Далай лам Заяын хүрээнд морилоход ирж саатсан. Түүнийг Заяын хийдийн хамба, Заяын гэгээний ёнзингоор томилсон. Хүрээ барын Ганжуурын барын ариутгал шүүдэг хийхэд YIII Богд Гэгээний зарлигаар оролцсон. 1918 онд Дөчинесөн сүүдэртэйдээ Хүрээнд ирж аграмбын дамжаа барьсан.
XIҮ жарны шороон морин жил буюу 1918 онд Богдын зарлигаар Данжуурын бар сийлүүлэх ажлыг хариуцан 3 жилийн турш эхний 11 ботийн барыг сийлүүлсэн. Заяын хүрээ, Мөрөнгийн хүрээ, Баянголын хийд, Даяндээрхийн хийд, Үржин гүний хошуу, Далай вангийн хүрээ зэрэг газруудаар явж ном айлдаж байжээ. Ингэж явахдаа Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазарын багштай багш шавийн барилдлагатай болж байсан. C.Буяннэмэх 1923 онд бичсэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн түүхэнд холбогдох зүйлүүд гэдэг номонд Засгийн газрын Ерөнхий сайд Жалханз хутагт таалал болж түүний орны хүнийг сонгох талаар асуудал гарч Төв хорооны тэргүүлэгч Ринчиновоос санал асуух хэрэгтэй болсон боловч тэр үед нь Ринчинов Москва явсан тул цахилгаан утсаар санал асуусанд “...нөхөр Ринчиновоос хариу ирсэн нь: Сайд Жалханз бие барсанд нь үнэхээр гашуудалтай ажгуу. Одоо Ерөнхий сайдад Дарва баидида буюу Манзүшри лам зэрэг хүмүүсээс тохоовоос сайн хэмээн ирсэн бөлгөө.Үүнд нөхөр Ринчиновыг ирэхийг хүлээж дахин хэлэлцсэнгүй” гэж бичсэнээс үзвэл Дарва бандида Агваанчойнжордондүв нь тэр үедээ Ерөнхий сайд болох хэмжээний их хүн байсан гэдэг нь эндээс тодорхой байна.
Дарва бандида Агваанчойнжордондүв нь монголын олон сүм хийдэд уригдан морилж олон шавь нарт ном заах, судар тарнийн номын эш, авшиг өгөх тэргүүтэн эш хийгээд онолын эрдэмийн яруу алдарын цагаан баданг дөрвөн зүг найман зовхист бадруулан зүг бүхнээс хүссэн ном айлдвар хийгээд энэ хойдын авралаа айлтгагч, хүндлэгч тэргүүтэн үйлсийн үүдээн арван зүгт нээн умар зүгийн их монголын өргөн уудам нутагт Шарын шашины номлол бүтээлийг дэлгэрүүлэн тэтгэх үйлсийг бүтээж байгаад XYI жарны Улаагчин туулай жил буюу 1927 онд тавин долоон сүүдэртэйдээ номын агаарт шингэсэн билээ. 

Дарав бандид хутагтын 18 дүр Данзан чойжи лодой. 2013 онд Дээрхийн гэгээн 14 р Далай багш Дарав бандидын 18 р дүрээр тодруулж улмаар тэр ондоо Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ дацанд шавилан сууж суралцаж байна. 17 р зууны үед Дарав бандидын 12 р дүр мөн Сэра Жэ дацанд шавилан суун 34 жил дээдийн номонд суралцаж шашны дээд хэргэм цолыг хүртэн мэргэдийн манлайд хүрчээ. Тухайн үед Энэтхэг, Түвдийн их бүтээлчидээс дамжигдан ирсэн Дамдин янсан бурханы пүрэв орших Түвдийн Дарба нутагийн хийдэд 5 р Далай лам, Банчэн богд хоёроос томилсон хамба нар үл тогтон үхээд байсан тул Дарав бандидыг тус асуудлыг шийдүүлэхээр уг хийдийн хамбаар томилон суулгаж. Харин түүнээс хойш тэр хийдийн хамба нар тогтох болсноор Дарав бандид хэмээх алдарыг олсон байна. Хожим тус хийдэд байсан нандин шүтээн Дамдин янсан бурханы пүрэвийг Банчэн богд бээр Дарав бандидад илгээсэн байдаг төдийгүй хэлмэгдэлт хүртэл Рашаантын хийдэд байсан тухай түүх намтарт дурьдсан байдаг. Нутагтаа иргэн морилж одоогийн Хөвсгөл аймагийн Рашаант суманд Монголын шашны тулгар хийдүүдийн нэг болох Рашаантын хийдийг анх бүтээн босгосон хутагт юм.