Gandan Monastry

2-р богд Лувсандамбийдонмэ (1724-1757)


1727 онд дөрвөн нас сүүдэртэйд нь Банчин богд Лувсан-Ишид айлтгасанд Халхын богдын хоёрдугаар дүр мөн хэмээн тодруулж Лувсандамбийдонмэ хэмээх нэрийг хайрлажээ. 1729 онд зургаан нас сүүдэртэйд нь Саадаг хэмээх газарт Халхын хоёрдугаар богдод өргөмжилж даншиг мандал өргөн их ёслол үйлдэж урьд дүрийн бүх хэргэм цолыг олгожээ. Энэ үеэс урьд дүрийн эрх ямба, хэргэм цолыг дараа дүрүүдэд олгож байхаар тогтжээ. Хөхнуурын Донхор хутагт Агваанжамбалданзанг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашаан цаглашгүйг хүртсэн байна. Арван гурван сүүдэртэйдээ 1737 онд өөрийн ёнзин багш Манзушри ламтан Агваанжамбалданзангийн хамт Манжийн эзэн хаан Тэнгэр тэтгэгчид бараалхаж тэр жилдээ нутагтаа эргэж морилон 1739 онд Их хүрээнд Жүд дацан, 1745 онд Дамдин янсангийн хурал, 1750 рнд Манзушри ламын хийдийг байгуулж байжээ. II богд1756 онд Их хүрээнд гүн ухаан судлах Дашчоймпэл дацанг байгуулж Гүнчин лам Жамъяншадвийдоржийн игчааг тогтоожээ. Тэрээр шашин номын үйлийг тасралтгүй зохиосоор XIII жарны гал үхэр жилийн өвлийн адаг сарын 27 буюу аргын 1757 оны 1 дүгээр сарын 5-нд таалал төгсчээ. Хоёрдугаар богдын амьдарч байсан үе нь монголын нийгмийн байдалд Манжийн түрэмгийлэл хүчтэй өрнөж, Манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарч дарагдсан үе байсан бөгөөд түүний ах Ренчиндорж ван Чингүнжав, Амарсанаанарын Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсоны учир Бээжинд цаазаар авахуулж байжээ. Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү тул II богд Жавзандамбыг ч хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан юм. II богд нь сүм хийд номын үйлийг ихээхэн хөгжүүлсэн монголын шашны том зүтгэлтэн байв.