Gandan Monastry

​9-Р БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ЖАМБАЛНАМДОЛЧОЙЖИЖАНЦАН


Түүнийг 4 настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын наймдугаар Богд Жавзандамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулжээ.
IX Богд Жавзандамба хутагт нь 8 сүүдэртэйдээ Радэн ринбүүчи Түвдэнжамбал-Ишээс гэцүл сахилыг хүртэж Жамбалнамдолчойжижанцан хэмээх алдартай болжээ. Тэрээр долоон сүүдэртэйгээсээ хорин нэгэн сүүдрийг хүртэл их номын орон Брайвун Гоман дацанд шавилан сууж гэвш Агваанчойдан, Халхын гэвш Дашжамц, Буриадын дүлба хамба Түвдэнням тэргүүтэн лам нарыг “Үндсэн багш”-д шүтэж буддын гүн ухаанд суралцсан ажгуу.
Хутагт бээр Ү Далай лам Лувсанжамцын үед Дагданпунцаглин хэмээн нэрлэгдэж байсан дээд дүрийнхээ хувилгаан Жонон Дарнатын хийдэд хорин нэгээс хорин есөн сүүдэр хүртлээ Бурханы шашны тарнийн гүн ухааныг судалж, багш Дагцар Ринбүүчи тэргүүтэн олон мэргэдээс номын рашаан хүртэж, бясалгал бүтээл олныг зохиож, бас өөрийн олон шавь нарт дээдийн номын даган соёрхол, эш цаглашгүйг хайрласан.
Ийнхүү дацан хийдэд сууж байхдаа Сажава болон бусад ёсны дээд багш нараас номын увидас, авшиг олонтаа хүртэж, бясалгал бүтээлийг олонтаа зохиосон.
Цагийн эрхээр IX Богд Жавзандамба хутагт 1961 онд БНЭУ-д дүрвэн гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж байгаад Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод морилон ирж суурьшсан. Түүнийг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Халхын Жавзандамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаалжуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн байна.

17 дугаар жарны Баясгалан хэмээх усан луу жилийн хаврын эхэн сарын шинийн найманд буюу Бурхан багшийн их дүйцэн 15 өдрийн хамгийн оргил өдөр 9-р Богд таалал барьжээ.