Gandan Monastry

ИХ ХҮРЭЭНИЙ АЛДАРТ 5 АГВААН


ИХ ХҮРЭЭНИЙ АЛДАРТ 5 АГВААН

IV болон V Жавзандамба хутагт нарын Их Хүрээний сургалтын тогтолцоо бүрэлдэн хөгжих үйл хэрэгт хувь нэмэр оруулсан олон эрдэмтэн лам нар байдаг. Тэдгээрээс багш шавийн холбоотой таван Агвааны түүхийг тодруулах замаар сургалтын сурах бичиг, эрдэм ухаан хэрхэн хөгжсөнийг харуулъя. 
1779-1838 онд амьдарч байсан Хамба номун хан Агваанхайдав төвд хэлээр таван боть зохиол бичсэн бөгөөд Халх Монголын бурханы шашны төв болж байсан Их Хүрээний дацангийн лам нарын сахил санваар дэг жаягийг сайжруулахын төлөө нэлээдгүй ажил хийжээ. Тухайлбал “Цанид дацанд суугч нарын дэглэм”, “Арван зүгийн ялгуусан нарт илгээх захидал”, “Тойн лугаа үхэр, хонь, ямаа гурвын харилцсан яриа”, “Хүүхэн Маньбадарын хочилсон бичиг”, “Урт үст Цэрэнпилийн тэмцлийн бичиг” гэх мэт сахил санваараа сахихын ач тус, шаардлагыг өгүүлсэн бүтээлүүдийг туурвисан. 
Түүний шавь Тунгалаг цорж Агваанбалдан нь 1797- 1860-аад онд амьдарч байсан эрдэмт лам бөгөөд 6 боть зохиол, тайлбар бичиж туурвижээ. Агваанбалдан нь Гунгаачойлин, Дашчойнпэл хоёр чойр буюу гүн ухааны дацангийн лам нарын ухааныг задлах, хооронд өрсөлдүүлэх зорилготой Парчин Жийдан гэх агуу бүтээлийг туурвисан, мөн Халх Монголын бурханы шашны гэлэн лам нарын дэг журам, жаяг, сахил санваарын гол ном болох Дүйциг хэмээх бүтээлүүдийг туурвисан байна. Мөн Их Хүрээний лам нарт сахил санваар хүртээх болон уншлага чого чаглинг зохиосон байна.
Агваанхайдавийн өөр нэгэн шавь Агваантүвдэн равжамба нь XVIII зууны сүүлч, XIX зууны дунд үед амьдарч байсан бөгөөд Халх Монголын нэртэй эрдэмтэн лам нарын намтар түүх, яруу найраг, зохист аялгууны талаар олон бүтээл туурвисан нь Их Хүрээний лам нар судалж үздэг гол сурах бичиг, бүтээлүүд болсон байдаг. 
Агваанбалдангийн шавь Шижээ гавж Агвандондов нь XIX зууны дунд үед амьдарч байсан 7 боть зохиолтой, агуу их эрдэмтэн билээ. Тэрбээр чойр, дагсал хаялцааны гарын авлагуудыг бичсэн нь гар бичмэлээр Их Хүрээний лам нарын дунд тархсан байдаг. 
Агваанхайдавын өөр нэгэн шавь болох бичээч цорж хэмээх гавж Агваандорж нь мөн XIX зууны үед амьдарч байсан бөгөөд 14 боть сүмбүм зохиол туурвисан. Тэрбээр багш, шавийн барилдлагын талаар “Багшийн мөн чанарыг тодруулагч тодорхой толь” хэмээх бүтээлийг туурвисан нь Халх Монголын лам нарын багш шавийн барилдлагааны тулгуур суурь бүтээл болсон байна.
Эдгээр таван лам бол Их Хүрээний дэг сургуулийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал Агваанбалдангийн зохиосон Парчин жийдан нь Их Хүрээний гүн ухааны хоёр дацан болох Гунгаачойлин, Дашчойнпэлийн сурах бичиг буюу игчааны нийлэмж утгыг тодорхой тайлбарласан зохиол юм. Тиймээс энэ зохиол нь бурханы шашны гүн ухааны дэг сургуулийнхны дотор “Парчин жидон сүрчан” буюу өөрөөр хэлбэл үндсэн игчааны нэмэлт тайлбар, игчааны өгүүлэмжийг ойлгоход хялбаршуулсан ном хэмээн алдаршсан байдаг. Түүний бичсэн бүтээлийн төрхийг харахад Игчааны гол адармаатай сэдвүүдийг төвөд үсгийн дарааллаар дэслэж, задлаж тайлбарласан байгаа нь ажиглагдаж байна.

Нийтлэлийг бичсэн Ж. Ерөөлт