Gandan Monastry

3-р богд Ишдамбийням /1758-1773/


Манжийн төрөөс II богдоос хойш Жавзандамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байв. III богдыг 1Ү Банчин-Эрдэнэ Халхын богд III Жавзандамба мөн хэмээн тодруулжээ. Түүнийг залахын тулд Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээлийг туулж Литанд хүрсэн ч III богдын хувилгаан дүрийг маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн байна. Тэрээр Жанжаа хутагт Ролбийдоржоос гэцэл санваар хүртэж номун хан Жамбалдоржийг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашаан хүртжээ. 1763 онд гуравдугаар Богдыг ширээнд залж их ёслолыг үйлдэн урьд дүрийн эрх ямба, цол хэргэм, шагналыг өргөжээ. Богд гэгээн Их хүрээнд Винайн зуны их хайлан, 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. Сэлбэ, Бэлхийн бэлчирт мод чулуу, тоосго ваараар номин эрдэнэ мэт өнгөтэй ваараар дээвэрлэж, хана туургыг нь өнгө зохицсон хээгээр чимж оройд нь алтан ганжир залсан “Шашныг бадруулагч” хэмээх сүм байгуулсан нь Дамбадаржаа хэмээн хожим алдаршсан байна. Гуравдугаар богд XIII жарны харагчин могой буюу 1773 онд таалал болсон байна. Ишдамбийням бээр монгол үлгэр домог сонсож, шүлэг, зүйр цэцэн үг цээжилж түүний үзэл санаагаар хүмүүжсэн ажээ. Түүхч Дармадала бээр “Ишдамбийням бол умар зүгийн амьтан бүхний оройн чимэг”, “Судар тарнийн гол ёсноо боловсорсон, эрдмийн нараар доройтлын харанхуй бүхнийг нэрэн дор арилган зохиогч, шашны гурван үндэсний ёсыг байгуулагч, шашин эрдэнийг ихэд сэргээн бадруулсан” хэмээн дурьджээ,