Gandan Monastry

5-р богд Лувсанчүлтэм жигмэддамбийжанцан (1815-1841)


Онцгой шинж тэмдэгийг үзүүлэн мэндэлсэнг долдугаар Банчин-ЭрдэнэДамбийнямд айлтгасанд Халхын V богд мөн хэмээн тодруулж Лувсанчүлтэмжигмэддамбий жанцан хэмээх алдрыг хайрлажээ. 1820 оны намрын дунд сарын 16-нд богдын зургаан нас сүүдэртэйд ширээнд залж их ёслолыг үйлдэн бүх хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Лосалингэвш Жүдмадба Лувсанжамъянг ёнзин багшид шүтэж гэцэл сахил хүртэн судар тарнийн номын рашааныг хязгаарлашгүй хүртжээ. Богд хорин сүүдэртэйдээ 1834 онд Их хүрээнд монгол маягийн хэв загвартай Майдарын сүм бариулж 80 тохой Майдар бурхан, Баруун Чойрт Алтан Ганжуур тус тус бүтээлгэн залж байжээ. 1835 онд Лхасад морилон номын авшиг олныг хүртэхийн хамт Монголын шашин номын асуудлыг айлтган зөвлөлдөж 1836 онд нутагтаа буцаж залраад 1837 онд жараас дээш насны хөгшид, 15-с доош насны хүүхдүүдтэй зөвлөлдөн Далхын дэнжид Гандантэгчэнлин хийдийг нүүлгэн иржээ. 1841 онд Ү богдын зарлигаар Брагри Ёнзин Дамцагдорж Ламрим дацанг удирдан байгуулжээ. Ү богд Жэвзүндамбын үед Их хүрээнд Зүүн хүрээнээс гадна гүн ухааны болон Ламрим, Бадма ёга дацангууд төвлөрч Гандан хүрээ гэж нэрлэгдэх болсон юм. Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин.зүүндацанд Дашчойнпэл хэмээх нэрийг тус тус хайрласан юм. Тавдугаар богдын ёнзин багш нь Лхаарамба Лувсанжамъян, Онгийн голын Брагри ёнзин Дамцагдорж нар байв. Өөрийн ёнзин багш Брагри Дамцагдоржоос Нарохажид бурханы авшиг увдисыг хүртэж, бясалгал бүтээлийг хийж өвлийн адаг сарыг 25-нд Их хүрээнд жинсрэг цутгасанаар үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татсаныг Нарохажид бурхан бодитой заларсаны шинж тэмдэг гэж хуучин хүрээний настан буурлууд ихээхэн бэлэгшээж ярьцгаадаг байсан аж. Тэгээд одоогийн удирдлагын академын байрны өмнөхөн талд Туул голын хөвөөнд Нарохажид сүмийг байгуулжээ. Ер нь хутагтын тавдугаар дүр нь гайхамшигтай ид шид үзүүлж байсан олон баримтыг хуучны лам нар тодорхой ярьдаг байв. Ү богд Дагнан, Сэгнан хэмээх бясалгал дияан зүүд нойронд нь ургасны зурсан зураг Гандан хийдэд хадгалагдаж байсан билээ. Энэ зураг нь Гандан хийдэд өргөжин тэлж хөгжихийг бэлгэдэж харуулсан байв. Тэрээр ХҮ жарны төмөр үхэр жилийн өвлийн эхэн сарын шинийн 3-нд буюу аргын 1841 оны 11 сарын 18-нд таалал төгсчээ. Тавдугаар богдын айлдсан бошго лүндэн Орчонгийн сав шимийн дуулал зэрэг зохиол бүтээл багтсан нэг боть байдаг ажээ.